Элсэлтийн шалгалт зохион байгуулах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Энэхүү журмаар Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллага /цаашид сургууль гэх/-д дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт элсэн суралцагчид суралцахад шаардагдах сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох элсэлтийн шалгалт /цаашид Элсэлтийн шалгалт гэх/, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох монгол хэл, бичгийн шалгалт /цаашид монгол хэл, бичгийн шалгалт гэх/-ыг зохион байгуулах, олон улсын шалгалт өгсөн шалгуулагчийн дүн оноог элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

 

1.2.  Элсэлтийн шалгалтыг зохион байгуулахад Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль болон бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

Хоёр. Элсэлтийн болон монгол хэл, бичгийн шалгалтын бүтэц, агуулга

2.1.Элсэлтийн шалгалтыг монгол хэл, математик, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хөтөлбөрийн агуулгад үндэслэн зохион байгуулна.

 Тайлбар: Энэ журмын 2.1 дахь заалтыг 2025 оныг дуустал мөрдөнө.

2.2.Элсэлтийн шалгалт нь дээд боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн хөтөлбөрийн онцлогтой уялдсан "Суралцах чадварын шалгалт", "Судлагдахууны 2 түвшинт шалгалт", "Ур чадварын шалгалт" болон "Олон улсын англи хэлний шалгалт" гэсэн төрөлтэй байна.

Тайлбар: Энэ журмын 2.2 дахь заалтыг 2026 оноос мөрдөнө.

 

2.2.1."Суралцах чадварын шалгалт"-ын агуулга нь ерөнхий боловсролын монгол хэл, бичиг, математикийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгын хүрээнд эзэмшсэн ерөнхий мэдлэг, чадварыг үнэлэхэд чиглэсэн нэгдмэл шалгалт байна.

2.2.1.1.элсэгч бүр "Суралцах чадварын шалгалт"-ыг заавал өгсөн байна.

2.2.1.2."Суралцах чадварын шалгалт"-ын үндэсний хэмжээний босго оноо 400 байна.

2.2.1.3.Шалгуулагч нь "Суралцах чадварын шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно.

2.2.1.4."Суралцах чадварын шалгалт"-ын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд сургуульд элсүүлэхгүй.

 

2.2.2."Судлагдахууны 2 түвшинт шалгалт" нь англи хэл-I, англи хэлний олон улсын шалгалт, математик-I, II, монгол хэл-I, II, орос хэл-II, байгалийн ухаан-I, II, III, нийгмийн ухаан- I, II, III  гэсэн түвшинтэй, тестийн хэлбэртэй байна.

 

2.2.2.1."Байгалийн ухаан-I" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн физикийн судлагдахууныг сонгон судлах, хими, биологийн судлагдахууныг заавал судлах, "Байгалийн ухаан-II" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн химийн судлагдахууныг сонгон судлах, физик, биологийн судлагдахууныг заавал судлах, "Байгалийн ухаан-III" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн биологийн судлагдахууныг сонгон судлах, физик, химийн судлагдахууныг заавал судлах хөтөлбөрийн агуулгын хүрээнд авна.

2.2.2.2."Нийгмийн ухаан-I" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ухааны хичээлийг сонгон судлах, түүх, газарзүйн хичээлийг заавал судлах, "Нийгмийн ухаан-II" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн түүхийн хичээлийг сонгон судлах, нийгмийн ухаан, газарзүйн хичээлийг заавал судлах, "Нийгмийн ухаан-III" шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн газарзүйн хичээлийг сонгон судлах, түүх, нийгмийн ухаан хичээлийг заавал судлах, хөтөлбөрийн агуулгын хүрээнд авна.

2.2.2.3.Монгол хэл-II, математик-II, орос хэл-II шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, математик, орос хэлний судлагдахууны сонгон судлах хөтөлбөрийн агуулгын хүрээнд авна.

 

2.3.Элсэгч сонгосон мэргэжил /хөтөлбөр/-ээс хамааран "Ур чадварын шалгалт" өгнө.

Тайлбар: Энэхүү заалт нь тус журмын 2.1, 2.2 дахь заалтад хамаарна.

 

2.3.1."Ур чадварын шалгалт"-ыг элсэн суралцах мэргэжлийн онцлогтой уялдуулан бичгийн ажил, тест, ярилцлага, кейс ажиллуулах, натюрморт зурах, сэдэвт зохиомж зурах, дуулах, бүжиглэх, хөгжимдөх, жүжиглэх, эсээ бичих, видео танилцуулга, сонсгол, хэмнэл шалгах, сэтгэц, зан үйлийн байдал, бие бялдрын бэлтгэгдсэн байдал, асуумж зэрэг хэлбэрээр авч, шалгуулагчийн ур чадварыг үнэлнэ.

2.3.2.Элсэгчийн ур чадварын шалгалтын оноо нь тухайн шалгалтыг өгсөн сургууль, мэргэжлийн хувьд л хүчинтэй байна.

 

2.4.Элсэлтийн шалгалтын сэдэв даалгавар нь суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн агуулгын хүрээнд, шалгуулагчийн танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулсан тестийн хэлбэртэй байна.

 

2.5. Элсэлтийн шалгалт өгч буй бүх иргэн монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Монгол хэл, бичгийн шалгалт нь уншаад ойлгох чадвар, зөв бичих чадвар, үндэсний бичгээр уншиж, бичих чадвар, эх зохион найруулан бичих чадвар гэсэн 4 агуулгын хүрээнд байна. Тус шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна.

2.6.Шалгуулагч нь "монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно.

 

2.7."Монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд сургуульд элсүүлэхгүй.

 

2.8.Элсэлтийн шалгалтын батламж хуудас нь цахим хэлбэртэй байх ба шалгалт өгсөн өдрөөс хойш 2 жил 8 сарын хугацаанд хүчинтэй байна. 

Гурав. Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт

3.1.Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна.

3.2.Боловсролын ерөнхий хуулийн 17.11-д заасан байгууллага элсэлтийн шалгалтыг үндэсний хэмжээнд нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах ба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.2.1.Элсэлтийн шалгалтын товыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтооно

3.2.2.Элсэлтийн шалгалтыг зохион байгуулах удирдамжийг батлах

3.2.3.Элсэлтийн шалгалтыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах, үр дүнг нэгтгэн тайлагнах

3.2.4.Элсэлтийн шалгалтын бүртгэлийн хугацааг товлож, онлайнаар бүртгэх ажлыг зохион байгуулах

3.2.5.Элсэлтийн шалгалтын бүртгэлийн хураамжийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн жил бүр шинэчлэн тогтоох

3.2.6.Элсэлтийн шалгалтын судлагдахуун бүрээр блюпринтийг боловсруулж, олон нийтэд мэдээлэх

3.2.7.Монгол хэл, бичгийн шалгалт болон элсэлтийн шалгалтын сэдэв даалгаврыг дээд боловсролын сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багш нарын төлөөллийг оролцуулан баталсан блюпринтийн дагуу боловсруулах

3.2.8.Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичгийн шалгалтын сэдэв даалгаврын нууцлалыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хангах

 3.2.9.Элсэлтийн шалгалт, монгол хэл, бичгийн шалгалт сэдэв даалгавар боловсруулах, хэвлэх, савлах, хадгалах, хүргүүлэх, илгээх ажил нь албаны нууцад хамаарах ба нууцлалыг ханган аймаг, дүүрэг дэх шалгалтын байранд хүргүүлэх, илгээх, хадгалах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэх

3.2.10.Илгээхэд бэлэн болсон нууц баримт бичгийн лац, битүүмжлэлийг нууц хамгаалах ажилтан шалгаж, тусгай шуудангийн албанд хүлээлгэн өгөх

 3.2.11.Шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг хангах

3.3.Элсэлтийн шалгалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулахад аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтэс болон Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага нь өөрийн харьяа нутаг дэвсгэрт шалгалтыг зохион байгуулахад Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаас өгөгдсөн удирдамж, заавар чиглэлийн дагуу дэмжлэг үзүүлэн дараах үүргийг хэрэгжүүлэн хамтран ажиллана.

 

3.3.1.Элсэлтийн шалгалтад бүртгүүлэгчдийг цахим бүртгэлд бүрэн хамруулах, тэднийг үнэн зөв мэдээллээр хангах ажлыг орон нутагтаа зохион байгуулах.

3.3.2 Элсэлтийн шалгалт зохион байгуулах шалгалтын байрыг тухайн жилийн төгсөгч, шалгалтад бүртгүүлэгчдийн нийт тоонд баримжаалан бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж, орчныг бэлтгэх.

3.3.3.Элсэлтийн шалгалтын үеэр шалгалтын байранд ажиллах зохион байгуулагч, хянагч багш нарыг тавигдах шаардлагын дагуу сонгох, бэлтгэх, үүрэгжүүлэх.

3.3.4 Элсэлтийн шалгалт зохион байгуулахаар Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаас томилогдон ирсэн багтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх.

 

3.4.Шалгалтыг Улаанбаатар хотын цагаар орон даяар нэгэн зэрэг зохион байгуулна.

Дөрөв. Шалгалтын үр дүнг мэдээлэх, тайлагнах

4.1.  Монгол хэл, бичгийн шалгалт болон элсэлтийн шалгалтын үр дүнг анхны оноо, хэмжээст оноо, процентал оноо, амжилтын чанарын индекс гэсэн дөрвөн үзүүлэлтээр тооцож гаргана.

 

4.2.  Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш ажлын 15 хүртэлх хоногийн дотор Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын цахим хуудсаар мэдээлнэ.

 

4.3.  Элсэлтийн шалгалтын анхны оноог шалгалт зохион байгуулагдсан тухай бүрд шууд засалтын цахим технологийг ашиглан засаж, үр дүнг нээлттэйгээр мэдээлнэ.

 

4.4.  Шалгалтын үр дүнг тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын цахим хуудсаар дамжуулан шалгуулагчийн бүртгэлийн дугаараар нээлттэй мэдээлнэ.

 

4.5.  Монгол хэл, бичгийн шалгалт болон элсэлтийн шалгалтыг бүрэн зохион байгуулж дууссаны дараа шалгалтын үр дүнг шалгуулагч бүрээр гаргаж,  дээд боловсролын сургалтын байгууллагад цахимаар хүргэх бөгөөд мэдээллийн аюулгүй байдал, системийн нууцлалыг ханган мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж болно.

 

4.6.  Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь элсэлтийн шалгалтын статистик дүн мэдээг тайлангийн цахим систем ашиглан нийтэд нээлттэй мэдээлнэ, мөн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Тав.Шалгуулагчийн эрх үүрэг

5.1.Элсэлтийн шалгалтыг бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.

5.2.Шалгуулагч нь энэ журмын 2.1, 2.2-д заасан хичээлээс 2 ба түүнээс дээш хичээлийг сонгон өгч болно.

5.3.Тусгай хэрэгцээт шалгуулагч элсэлтийн шалгалтад хамрагдах тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дүгнэлт бүхий албан бичиг баримтад үндэслэн Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагад өргөдөл гарган шаардлагатай орчин нөхцөл, техник, тоног төхөөрөмжөөр хангуулна.

5.4.Элсэлтийн шалгалтын бүртгүүлэгч нь бусдаас үл хамааран өөрийн хүсэлтээр хичээл сонголтыг хийнэ.